top of page

Барилгын зураг төсөл боловсруулах дараалал

Барилгын зураг төсөл боловсруулах дараалал

Архитектур төлөвлөлтийн даалгавар: Тухайн газар нутагт харьялагдах ерөнхий архитектороос тухайн хэсгийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан даалгавар гаргаж өгдөг. Уг даалгаварт барилгын байршил, давхарын өндөр, барилгын суурийн хэмжээ, барилгын зориулалт зэргүүдийг зааж өгдөг.

Зургийн даалгавар: Захиалагч, зургийн байгууллага хамтран тухайн барилгын зориулалт, барилга бүтээцийн төрөл, инженерийн шугам сүлжээ, түүнийг хангах эх үүсвэр зэргүүдийг зааж өгдөг.

Зургийн гэрээ: Барилгын зураг төслийн жишиг үнийг баримтлан зураг төсөл боловсруулах гэрээ хийж ажлыг эхлүүлнэ.

Дэвсгэр зураг, геодезийн судалгаа: Барилга баригдах газрын геодезийн судалгаа буюу газрын налуу, өндөр, координат, хэвгий, одоо байгаа зам, барилга, шугам сүлжээ гэх мэт зүйлүүдийн судалгааг хийж ерөнхий төлөвлөгөө, барилгын орц, зүг чиг, гадна шугмуудын зураг төсөл хийхэд ашиглана.

Эскиз буюу эх загвар зураг хийж батлуулах: Архитектур төлөвлөлтийн даалгавар, зургийн даалгаваруудын шаардлагыг хангасан эскиз зургийг боловсруулж ерөнхий архитектороос зөвшөөрөл авна. Мөн дулаан, цахилгаан, усны хэрэглээ буюу ачааллыг тооцож техникийн нөхцөл авахад бэлдэнэ.

Техникийн нөхцөл: Эскиз зурагт тооцсон ачааллын дагуу холбогдох байгууллагуудад хүсэлт өгч техникийн нөхцөл авна.

Геологийн судалгаа: Тухайн газрын хөрсний шилжилгээ, газар хөдлөлийн балл зэргийг тодорхойлох судалгаа юм. Геологийн судалгаандаа магадлал хийлгэсэнээр баталгаажна. Геологийн дүгнэлтийн дагуу суурь, барилга бүтээц, гадна шугам сүлжээний зураг төсөлд хийхэд ашиглана.

 

Барилгын ажлын зураг: Эскиз зургийг үндэслэн архитекторууд барилгын үндсэн зургийг хийнэ. Архитектурын зургийн төлөвлөлтийн үндсэн хэсэг дууссаны дараа хоршиж ажилладаг барилга бүтээц, халаалт-агаар сэлгэлт, цэвэр бохир ус, цахилгааны инженерүүдэд даалгавар өгч ажлыг эхлүүлдэг. Хэсэг бүрийн инженерүүдийг зургаа хийж дууссаны дараа архитектор бүх төлөвлөлтүүдийг нэгтгэж барилгын зургаа дуусгана.

Гадна шугамын зураг: Техникийн нөхцөлийн дагуу инженерийн хангамжийн шугмуудын зураг хийгдэнэ. Голдуу хөдөө орон нутагт зургийн даалгавараар даасан байдлаар дулаан хангамж, усан хангамж, ариутгах татуургыг шийдэх тохиолдлууд элбэг байдаг. Ийм тохиолдолд халаалтын барилга, бохир усны цооног гэх мэт байгууламжуудыг нэмж төлөвлөх шаардлагатай болдог.

Төсөв: Барилгын болон гадна шугмуудын зураг төсөл бүрэн дууссаны дараа тухайн барилга баригдахад шаардлагатай өртгийг тодорхойлдог. Материалын болон ажиллах хүчний зардлыг батлагдсан үнээр тооцож тусгадаг.

ОБЕГ хяналт: Онцгой Байдлын Ерөнхий Газрын мэргэжилтэнүүд тухайн барилгын зураг төсөл галын аюулгүйн норм, дүрэм, стандартуудын шаардлагыг хангаж байгаа эсэх талаар дүгнэлт гаргаж зөвшөөрөл олгоно.

Магадлал буюу экспертиз: Тухайн барилгын зураг төслийг хэсэг бүрийн экпертүүд хөндлөнгийн хяналт, шалгалт хийж ерөнхий дүгнэлт гаргана. Ингэсэнээр барилгын ажлын зургийн боловсруулах хэсэг дуусч байна. Барилгын ажил эхлэх зөвшөөрөл авахын тулд зураг төслийн байгууллага буюу зохиогчтой зохиогчийн хяналтын гэрээ хийх шаардлагатай.

© 2017 by Urkh Architecture. Proudly created with Wix.com

bottom of page